3 сар 25, 2018

ДеФакто Мэтгэлцээн: Монголд гадаадын банкууд оруулж ирэх цаг нь болсон

Энэ сарын 21-нд Дефакто Мэтгэлцээний ээлжит дугаар “Монголд гадаадын банкууд оруулж ирэх цаг нь болсон” сэдвээр зохион байгуулагдлаа. Уг асуудлыг дэмжихээр Торгоны Зам Сангийн Үүсгэн байгуулагч М.Халиунбат, харин Монголд гадаадын банкууд оруулж ирэх цаг нь болоогүй гэж үзэж няцаахаар ХХБ-ны Ерөнхийлөгч Б.Мэдрээ нар оролцов.

Үндэслэл

Дэмжигч тал: Юуны өмнө гадаадын банк оруулж ирэх тухай асуудал нь банкны салбар дахь өрсөлдөөний орчиныг боловсронгуй болгох шударгаар, эрх тэгш өрсөлдөх боломжийг нээлттэй болгох талаар илүү яригдах хандлагатай байдаг. Банкны системийн түүх мөн яригдах ёстой. Мэдээж эхлээд шилжихэд амаргүй байсан. Арилжааны банкууд шилжилтийн үеийг давж туулан тодорхой хэмжээнд бэхжиж байр сууриа эзэлсэн. Томоохон банкуудын зах зээлд эзэлж байр суурь, хуримтлуулсан активын хэмжээ, бий болгож буй ашигтай ажиллагаа, боловсон хүчний түвшин, эзэмшсэн технологи зэрэг маш олон зүйлийг харвал дараагийн шатанд гарах цаг болсон. Жишээ нь санхүүгийн салбар дахь банкны эзэлж буй хувь хэмжээ том байна. Үүнийг диверсификаци хийж бусад олон санхүүгийн эх үүсвэрүүд болон салбар, талбаруудыг хөгжүүлэх ёстой зэрэг олон үндэслэл хүмүүс хэлдэг. Санхүүгийн үйл ажиллагаа нь эдийн засгийн өсөлтийн хувьд хамгийн чухал суурь салбаруудын нэг яах аргагүй мөн. Энэ хэмжээгээрээ өрсөлдөөнийг улам хүчтэй болгох тал дээр явах ёстой. Өнөөдөр МУ-ын хэмжээнд хэрэгжиж буй хуулиудын хүрээнд харамсалтай нь санхүүгийн үйлчилгээний орчинд эрх зүйн хязгаарлалтуудаар банкны салбар дахь өрсөлдөөнийг тодорхой хэмжээнд багасгасан, хориглосон хязгаарлалтууд бий. Үүнийг нээлттэй, уян хатан болгох, олон талын оролцогчийг чөлөөтэй оролцуулах нь төдий хэмжээгээрээ санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашиг хангагдаж байдаг. Илүү чанартай үйлчилгээ, боломжийн үнэ өртөгтэй үйлчилгээг авах цаг нь болсон.

Эдийн засгийн суурь салбаруудын хөгжил тодорхой түвшинд хүрчээ. Жишээ нь 1990 онд тухайн үеийн ханшаар 700 сая ам.долларын эдийн засагтай байсан улс өнөөдөр 11 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний эдийн засагтай болж өсчээ. Энэ нь яах аргагүй суурь салбаруудын өсөлт, чөлөөт зах зээлийн л ид шид шүү дээ. Иймээс одоо бий болсон ололтоо илүү баталгаажуулах болон илүү том эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд магадгүй хамгийн түрүүнд хийх ёстой зүйл нь санхүүгийн салбарын либералчлал юм.

Няцаагч тал: Саалиа бэлдэхээр саваа бэлд гэж Монголчууд ярьдаг. Би гадаадын банкыг оруулж ирэх нь зөв эсвэл буруу гэж ярихгүй. Харин энэ нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Үүнийг долоо хэмжиж нэг огтол гэдэг зарчимаар явуулах ёстой. Гадаадын банкны салбар орж ирснээр шууд зээлийн хүү буурах зүйл харагдахгүй байна. Өнөөдөр манай улсад зээлийн хүү үнэхээр өндөр байна. Үүнийг бууруулахын тулд төрөөс шат дараалласан, зохистой арга хэмжээнүүдийг авах шаардлагатай. Юуны өмнө тооцоо, судалгааг гаргах, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, заавар журамаа боловсруулах зэргээр бэлтгэлээ хангах шаардлагатай.

Дэмжигч тал: Зээлийн хүү нь зах зээлийн бас л нэг үнэ. Үүнийг механик арга эсвэл зохицуулалтаар бууруулах боломжгүй. Мэдээж гадаадын банк орж ирснээр маргааш нь зээлийн хүү буурахгүй. Миний үндэслэл бол өрсөлдөөний явцад зах зээлийн харилцаа үнийг буюу зээлийн хүүг бууруулна. Мөн үйлчилгээний чанарыг сайжруулна. Иймээс өрсөлдөх орчиныг илүү сайжруулах шаардлагатай. Ерөнхийдөө санхүүгийн үйлчилгээний салбарт олон талын оролцогч нарыг бий болгоё.

Манай банкны салбар дахь гол оролцогчид дэлхий дээр байгаа хамгийн сүүлийн үеийн технологиудыг эзэмших эдийн засгийн болон хүн хүчний нөөцний бололцоо бүрдсэн. Тэгэхээр өрсөлдөөн бэлэн болчихсон гэж харж байна. Иймээс ямар нэг байдлаар гадаадын банк эсвэл дотоодын бусад өөр оролцогч, тоглогч нар байна уу өрсөлдөөнийг илүү нээлттэй болгох буюу хэрэглэгчид хождог тал руу дараагийн алхам хийх цаг нь болсон.

Төрийн оролцооны тухайд 

Дэмжигч тал: Монгол Банк мөнгөний бодлого хэрэгжүүлдэг, тодорхой хэмжээнд банкны салбараа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хянаж хамгаалж байдаг. Төв Баннкы чадамж, чадавхи нэлээн хэмжээнд сайжирсан харагдаж байгаа. Тэгэхээр тодорхой түвшинд өөрийн дүрмээр санхүүгийн зах зээл дээр оролцох боломж харьцангуй чадамж нь нээгдчихсэн байгаа учраас цаг нь болсон.

Няцаагч тал: Өнөөдрийн байдлаар банкны системд арилжааны банкуудад үйлчилж буй 30 орчим хууль бий. Судлаачийн хэлснээр 31 хууль банкны системд үйлчилж байна. Хуулиудаас гадна олон заавар, журам байна. Мөн банкны холбооны шугамаар үйл ажиллагаа явуулж 14 банк зээлийн хүү бууруулах тухайд дэс дараатай арга хэмжээг авах ёстой. Дараагаар нь бодлого тодорхойлогчидын мэргэжлийн мэдлэг, чадвар маш чухал байна. Дэлхий нийтэд Төв Банк нь яаж бодлогоо явуулж байна. Ямар хууль журмууд боловсруулж байна зэргийн талаар мэдлэгээс гадна сэтгэл зэрэг хүчин зүйлс хэрэгтэй байна.

Жишээ нь өнөөдөр Монгол Банкны эрх зүйн баримт бичгээр харилцах дансанд хүү төлж болохыг заагаад өгчихсөн. Тэгэхээр татан төвлөрүүлсэн хөрөнгө нь дээр байдаг банкууд маань уралдаж хүү төлж байна. Найм хүртэлх хувийн хүүг харилцах дансанд төлж байна. АНУ-д 1929-1933 оны хоорондох хямралаар тухайн үеийн Ерөнхийлөгч Рузвельт мэргэжилтнүүдийг хамруулсан судалгааны баг байгуулан олон хууль эрх зүйн актуудыг гаргасан. “Banking Act 1933” гэдэг акт гаргасан. Үүнд харилцах дансанд хүү төлөхийг хориглосон заалт оруулсан. Энэ нь банкны шаардлагагүй зардлыг нэмэгдүүлснээр өртөгийг нэмэгдүүлж үүнийг нөхөхийн тулд зээлийн хүүнд шингээдэг.

Зээлийн хүүг өртөг, зардал, инфляци, ашиг, тухайн орны эрсдэл даах чадвар, эдийн засгийн багтаамж зэрэг олон хүчин зүйлсийг тооцож зах зээлийнх нь үнээр тогтоодог. 1999 онд Р.Амаржаргал Ерөнхий сайдын үед Дэлхий Банкны хурлын үеэр дэлхийд тухайн үедээ 2-т орох АНУ-ын City Bank-ны удирдлага Ерөнхий сайдтай уулзаж хүсэлт тавьсан. Ингээд судалгаагаар олох ашиг нь өчүүхэн байсан. Манайд нийт актив 1.4 хувь, өгөөж нь 9.7 хувь байдаг. ОУ-д 20 ба түүнээс байдаг.

Үндэсний аюулгүй байдлын асуудлаар

Няцаагч тал: Bank Of China бол төрийн өмчит банк. Монгол Банкны активаас 217 дахин их хөрөнгөтэй, дэлхийд 2-т ордог. Том хөрш орны төрийн өмчит банк орж ирэх эсэх нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Яагаад Америк, Англи эсвэл Германы хувийн өмчит банк Монголд орж ирье гэхгүй байна вэ? Гэтэл Хятадын төрийн өмчит банк гадаад харилцааны, төрийн, төв банкныхаа шугамаар орж ирье гэж байгаа нь анхаарал татмаар болгоомжтой хандах зүйл болоод байна.

Дэмжигч тал: Өмнө хэлсэнчлэн бидэнд өөрийнхөө тоглоомын дүрмийг зохиох боломж байгаа. Ийм хүнд нөхцөлийн дараагаар манай банкууд 70 тэрбумын ашигтай ажиллаж байна гэдэг нь сайн ажиллаад сурчихсан байна гэсэн үг. Фрейзэр Институтээс гаргадаг бидний байнга ярьдаг бизнесийн таатай нөхцөлийн судалгаагаар МУ зуун арван хэдэд явж байгаа. Тэхээр ийм хүнд орчинд банкууд ийм сайн ажиллаж байгаа нь өрсөлдөх чадвар сайн байна гэсэн үг. Ямар ч тохиолдолд миний хэлсэн үндэслэл батлагдаж байна.

Банкны үр ашиггүй зардлын тухайд

Няцаагч тал: Манайд үр ашиггүй зардал гаргаж байгаа давхардсан банк тус бүрийн автоматчиллагдсан теллерийн машин зэргийг зохицуулах буюу арилжааны банкууд хоорондын үл ойлголцлолын улмаас шаардлагагүй өрсөлдөөн гаргахгүйн тулд төрөөс нэгдсэн журмаар Төв Банкинд зохицуулах эрхийг нь өгдөг. Энэ талаарх саналыг би өнгөрсөн Төв Банкны тухай хуулийн шинэчлэлд өгсөн.

Манайд банкууд тодорхой хэмжээгээр сүүлийн үеийн технологийг ашиглах, үйлчилгээгээ сайжруулахад ажиллаж байна. Харин бий болгосон үйлчилгээг нийтээрээ ашиглах, хамтарч эзэмших тал дээр арилжааны банкууд зөвшилцөж чадахгүй нь сул тал болоод байна. Жишээ нь банк бүр swift үйлчилгээтэй. Ингээд swift эзэмшигч байгууллагад 150 мянган ам.доллар банк тус бүр төлж байна. Гэтэл ОХУ-д дундын swift товчоо байгуулан 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Манайх хоёр хөрштэй харьцуулахад харьцангуй цөөхөн банктай. Гэхдээ 3-хан сая хүнтэй улсын хувьд их юм. 30 сая хүн амтай Малайз улсад 3-хан арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Харин манайд 1 төгрөгөө 14 хувааж байна. Энэ нь ашигтай ажиллах боломж багасч байна гэсэн үг. Бүх арилжааны банкууд маань цахим алба эсвэл нэгжтэй болсон.

Дэмжигч тал: Жишээлбэл Air Asia агаарын тээврийн компани өөрийн давуу талаа ашиглан санхүүгийн үйлчилгээний зах зээлд орж байна. Австралийн шуудангийн компани 6 тэрбум долларын эргэлттэй санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага болчихсон байна. Би зөвхөн банкны тухай яриагүй. Финтек гэж товчилж ярьдаг санхүүгийн үйлчилгээ тэр дундаа мэдээлэл технологи зэрэг бусад технологийн ололтууд дээр суурилсан эвдэгч технологиудыг Монголд оруулж ирэх буюу нээх ёстой. Ингэхгүй бол зөвхөн Хятад, Bank of China-гаар халхавчилж бүхэл бүтэн хөгжил дэвшилийг бид зогсоож болохгүй. Бид дүрмээ зохиох боломж байгаа. Тэгвэл төрийн өмчтэй ямар нэгэн банкыг оруулж ирэхгүй гээд заачих хэрэгтэй. Бусад бүх боломжийг буюу агаарын тээврийн үйлчилгээгээ ашиглаад хүнд санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа эсвэл шуудангийн үйлчилгээгээ ашиглаж санхүүгийн үйлчилгээ үзүүлэх гэж байгаа тэр хүмүүст боломжийг нь олгох хэрэгтэй. Жишээ нь Paypal-ын судалгаагаар дэлхий дээр 3 хүн тутмын 1 нь харагддагүй гэдэг. Учир нь ямар нэгэн бүртгэл байхгүй, зээлийн түүхгүй, санхүүгийн үйлчилгээ авсан түүх байдаггүй учраас янз бүрийн санхүүгийн үйлчилгээ авах боломж нь хаалттай байдаг. Манайд ч бас олон харагддагүй хүмүүс буюу далд эдийн засаг байгаа. Иймээс тэдгээр санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг буюу хүрч чадахгүй байгаа хүмүүст хүрэхийн тулд өртөг, зардал багатай технологи дээр суурилсан үйлчилгээнүүдийг нээх боломжийг нь хуулиар хаачихсан. Ийм учраас өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Ингэснээр санхүүгийн үйлчилгээ авч чадахгүй байгаа хэсэгт үйлчилгээг нь үзүүлэх хэрэгтэй.

Жишээ нь манайд банк бусын зах зээл гэж тасралтгүй өсч байгаа том зах зээл бий болчихлоо. Банкны үйлчилгээг авч чадахгүй маш олон хүн байгааг энэ салбарын өсөлт харуулж байгаа юм. Санхүүгийн хүртээмжид асуудал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүнд хүрч ажиллах боломжийг нь олгох хэрэгтэй.

Дэлхийн дээрх сайн туршлагуудын тухайд

Дэмжигч тал: Жишээ нь Сингапур улс түүхийн тодорхой үед өөрсдийн эдийн засагаа маш сайн чөлөөтэй болгож чадсан. Гадаадын банкууд маш ихээр орж ирсэн. Робинсон дүүрэгт нь дүүрэн банкууд байдаг. Харин үүний эсрэг жишээг харвал Монгол, Хойд Солонгос байна.

Няцаагч тал: Унгар, Чех, Польш, Болгар зэрэг хуучин социалист орнууд жишээ нь үндэсний арилжааны банкгүй болчихсон. Гадныхан бүгдийг нь худалдаж авсан. Банкаараа дамжуулаад гол үйлдвэрүүдийг нь худалдаад авчихсан. Энэ нь харьцангуй асуудал. Манайх шиг том 2 орны дунд байгаа улс ямар банк оруулах вэ? Ямар улсын банк оруулах вэ? Хувийн эсвэл төрийн үү гэх мэт нарийн учиртай. Bank of China эсвэл Хойд Солонгосоор жишээ авч айлгаад байгаа юм биш. Эхлээд бэлтгэлээ ханга, хэзээ нэгэн цагт орж ирж л таараа.

Дэмжигч тал: Банкны тухай чухал хуулийг саяхан УИХ хэлэлцэж баталлаа. МУ-д байгаа том дутагдлыг би хууль хэлэлцүүлдэг процесс алдаатай байна гэж хардаг. Аливаа хууль хэлэлцэхэд мэргэжлийн холбоодыг оролцуулан өнгөцхөн хэлэлцээд өнгөрчихдөг. МУ-ын эдийн засагт чухал суурь хуулиудыг хэлэлцэж байхад жишээлбэл ажлын хэсэгт энэ талаар судалгаа хийдэг олон нийтийн оролцоог төдийлөн хангаж чаддагүй. Хязгаарлагдмал хүрээнд хийж байгаад УИХ дээр маш хурдан баталдаг. Энэ нь цаашлаад эдийн засгийн өсөлтийн суурийг авчирах ёстой байсан өөрчлөлтүүд хийгдэхгүй явчихаад байна.

Жишээлбэл Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдлаа. Уг хуульд МУ анх удаа үндэсний төлбөрийн системд зөвхөн банк биш ААН байгууллага гэсэн либералчилсан маягтай заалт орж ирсэн. Өмнөх хуульд зөвхөн банк оролцоно гэж байсан. Энэ нь буцаад Монгол Банк дээр хэрэгжүүлэх журам гаргаж ирэхэд зөвхөн банкнууд гэж зохицуулсан. Ингээд дахиад банкнуудын давуу талыг хадгалсан заалтыг журмаараа баталгаажуулчихсан.

Банкуудын одоо үзүүлж буй үйлчилгээг менежментийн ойлголтоор багцалсан үйлчилгээ гэдэг. Зээлээ ч өгдөг, төлбөр тооцоог ч хийдэг, валют арилжааг ч хийдэг. Иймэрхүү багцалсан үйлчилгээг хийж харилцагчаа татдаг. Энэ загварыг бүх банкууд адилхан хийдэг. Уг загвар алдагдахгүй байгаа шалтгаан нь өрсөлдөөн маш сул байна гэсэн үг.