10 сар 31, 2019

Их сургуулиудыг нэгтгэх үү

Сэдэв:

1. Их сургуулиудыг нэгтгэх үү

Өнгөрсөн Мягмар гарагт “Дээд боловсролын үр өгөөжийг дээшлүүлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Судалгааны Их сургууль байгуулах үзэл баримтлал” илтгэлийг танилцуулсан. Улмаар судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнөж, үүний тулд төрийн өмчийн их сургуулиудыг нэгтгэх асуудлыг хөндсөн. Манай ерөнхий боловсрол ба дээд боловсролын систем нь өөрөө 17,18-р зууны тогтолцооноосоо хөдлөөгүй байгаа. Тэр үед боловсролын салбарт ямар ч инноваци хүлээн зөвшөөрдөггүй байсан. Шинэчлэл авчрах асуудал хориотой байсан. 21-р зуунд бид МУ-ын давуу тал, Монгол хүнийг бий болгоё гэвэл юун түрүүнд дээд боловсрол олгодог сургуулиудыг цөөлөхөөс эхлэх ёстой. Монгол улс 3.2 сая хүнтэй, 94 дээд боловсрол олгодог сургуультай. Нэгтгэснээр бид тархай бутархай санхүүгийн болон хүний нөөцийг цэгцэлж чадна. Нэгтгэх асуудлыг дэндүү хожуу эхэлж байна гэж харж байна.

2. Саарал жагсаалтад хэн хариуцлага хүлээх вэ

УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-аас гаргасан зөвлөмжийг манай төрийн байгууллагууд хэрхэн авч хэрэгжүүлсэн талаарх үр дүнг хэлэлцэхээр Санхүүгийн Зохицуулах Хороо болон Монголбанкны удирдлагуудтай өнгөрсөн Лхагва гарагт уулзсан. УИХ-ын дарга Г.Занданшатар “Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны удирдлага ФАТФ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх болон улсын эдийн засгийг тогтворжуулж, санхүүгийн орчныг эрүүлжүүлэх чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргасан боловч гадаадад болон дотооддоо итгэл хүлээлгэхүйц орчин нөхцөл бүрдүүлж, үр дүнд хүрч чадсангүй. Санхүүгийн зохицуулах хороо санхүүгийн зэх зээлийн тогтвортой байдлыг хангах, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хүлээсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж байна гэж үзэж байна. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор банк, санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалтад эрс шинэчлэл хийх зайлшгүй нөхцөл үүслээ. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга танд хариуцлага тооцох асуудлыг УИХ-аар шийдвэрлүүлэх шаардлагатай” гэв.

3. Хөрөнгө оруулалтын орчин: Tогтвортой байдал

Өнгөрсөн 22-ны өдөр Монголбанкнаас “Хөрөнгө оруулалтын орчин: Тогтвортой байдал” хурлыг зохион байгууллаа. Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал 2017 оноос тогтворжсон. 2019 оны эхний хагас жилийн байдлаар ДНБ 7.3 хувиар өслөө. Гэсэн хэдий ч түүхий эдийн үнийн савалгаа, гадаад өрийн эрсдэл өндөр хэвээр байна. Тиймээс экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх хөтөлбөрүүдэд нэмэлт эх үүсвэрүүд болон гадаадын шууд хөрөнгө оруулалт татах таатай орчин бий болгох нь нэн тэргүүний асуудал болоод байна. Гадаадын хөрөнгө оруулалттай ААН- үүд манай улсын татварын нийт орлогын 23 хувийг бүрдүүлж байгаа нь эдийн засагт гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэх нөлөөг илтгэн харуулж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалтыг татах тодорхой зорилтууд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан.