10 сар 24, 2019

Монгол Улс саарал жагсаалтад орлоо

Сэдэв:

1. Монголын клиентелист улс төр

Манайх шиг эдийн засаг буурай орнуудад хөгжлийн хамгийн том сорилт болоод буй авлигыг үндсэндээ хоёр төрлийн үзэгдэлд Фрэнсис Фукуяама хуваан тайлбарлажээ. Эхнийх нь төрийн янз бүрийн лиценз, зохицуулалтаас үүсдэг Рент (rent-seeking) гэх үзэгдэл. Рент нь эдийн засагт бодит зардлаас давсан хэт өндөр ашиг олохыг хэлдэг бөгөөд энэ бол байгалийн баялагтай орнуудын нийтлэг зовлон. Энгийн үгээр хэлвэл зовлон багатайгаар өндөр ашиг олохыг рент гэж болно. Төрийн эрх мэдлээ ашиглаж зовлон багатайгаар бизнес хийх сонирхолтой бүлгийг “rent-seekers” гэнэ.

Удаах үзэгдлийг клиентелизм (clientelism) гэдэг. Клиентелизм гэдэг нь клиент буюу үйлчлүүлэгч гэдэг үгнээс үүсэлтэй бөгөөд бизнесийн хамтрагч хэлбэрээр улс төрийн эрх мэдэлд гарах, дараа нь эрх мэдлээ ашиглаж үйлчлүүлэгчиддээ ашигтай боломж олгохыг хэлдэг. Монголд ил тод болж буй 60 тэрбумын гэх, ЖДҮ зээлийг УИХ-ын гишүүд хувааж авсан зэрэг хэргүүд клиентелизм манайд өргөн дэлгэр цэцэглэн хөгжиж ирсний бодит баталгаа. Энэ үзэгдэлд бас Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Хөгжлийн банкны зээл, концессийн гэрээнүүд зэрэг урт жагсаалт хамрагдана. Товчхондоо манай өнөөгийн улс төрийн орчныг клиентелист улс төр гэж тодорхойлж болно.

2. ТББ-ын инстүүцийн орчны харьцуулсан шинжилгээ

Монгол улс анх иргэний нийгмийн салбарын гол оролцогч болох төрийн бус байгууллагын тухай хуулиа 1997 онд батлаж байв. Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) өнгөрсөн оноос тус хуулийг шинэчлэн найруулж ‘Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай’ хуулийн төслийг боловсруулаад байна. Энэ хүрээнд иргэний нийгмийн байгууллагууд хамтран тус хуульд санал, бодлоо хүргэхээр цуврал хэлэлцүүлэг зохион байгуулсаар байгаа. Энэ цуврал хэлэлцүүлгийн ээлжит уулзалт 10-р сарын 15-нд болж иргэний нийгмийн байгууллагууд, зарим УИХ-ын гишүүд болон ХЗДХЯ-ны төлөөлөл оролцов.