11 сар 7, 2019

Үндсэн хуулийн цэцтэй холбоотой 2 асуудал

Сэдэв:

1. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой 2 асуудал

Энэ долоо хоногт Үндсэн хуулийн цэцтэй холбоотой 2 үйл явдал боллоо. 10-р сарын 30-ны өдөр Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаараа Ашигт малтмалын тухай хуулийн тодорхой заалтуудыг хүчингүй болгох шийдвэр гаргалаа. Мөн цэцийн дарга Д.Одбаяр Инчеон дээр саатуулагдлаа. МУ-ын Үндсэн хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц төрийн албан тушаалтны үйл ажиллагаа, хуулиудыг үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянах үүрэгтэй байгууллага. 10-р сарын 30-ны өдрийн шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулиас хүчингүй болгосон 7 заалтын шалтгааныг харвал нэлээн ойлгомжгүй байдалтай байна.

47 дугаар зүйл. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр

Энэ заалтаас “болон Монголбанк, түүнэээс эрх олгосон арилжааны банкинд алт тушаасан этгээд” гэсэн үгнүүд л үлдсэн байгаа бөгөөд энэ этгээд яг яах нь ойлгомжгүй. Энэ бол техникийн хувьд. Харин агуулгын хувьд үндсэндээ ашигт малтмалын рояалтиг өнөөдрийн байдлаар хүчингүй боллоо гэж ойлгоход болохоор байна. Ямар ч шийдвэрүүд эдийн засгийн үр дагавартай байж болно. Гэхдээ үүнийг Үндсэн хуулийн дагуу байгаа эсэхийг харахын тулд Цэцийн шийдвэрийн Үндсэн хуулиас ишлэсэн заалтуудыг онцгойлон харах ёстой. Цэцээс Үндсэн хуулийн доорх 2 заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Үндсэн хуулийн цэцийн дарга Инчеоны онгоцны буудал дээр саатуулагдсан мэдээ гарч байна. Ямар асуудал болов. Ийм хэрэгт Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн дарга холбогдсоноор ямар хариуцлага хүлээх вэ?

Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг асуудалтай холбогдож байгаа нь өөрөө маш ёс зүйгүй үйлдэл мөн. Төрийн албаны тухай хуулийн 37-р зүйлд ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон. Хориглосон зүйл заалтуудыг хийсэн бол сахилгын арга хэмжээ авна гэсэн зүйл заалт ч байгаа. Хэмжээнээс нь хамаараад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэсэн байгаа. Гэхдээ Цэцийн дарга гэдэг энэ өндөр албан тушаалтанд хэн хариуцлага тооцох нь ойлгомжгүй байна л даа. Ихэвчлэн сахилгын хариуцлагыг байгууллага өөрөө тооцдог. Гэтэл байгууллагын дарга нь ийм асуудалд холбогдчихсон явж байна. Цэцийн гишүүдийн хувьд ёс зүйн дүрэм байдаггүй юм байна лээ. Тэгэхээр яаж шийдэгдэх нь тодорхойгүй ч, хуульд заагаагүй гээд хариуцлага хүлээхгүй байна гэж байхгүй. Учир нь ямар ч төрийн өндөр албан тушаалтнууд хууль ёс, ардчилалд итгэх итгэлийг хадгалахын тулд өөрсдөө үлгэрлэн харуулж ёс зүйн хариуцлага хүлээх ёстой гэж харж байна.

2. Сэтгүүлчдийг тагнаж, чагнасан асуудал

Сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудал өнөөдөр яригдаж байгаа асуудал биш л дээ. 2018 оны 4-р сард нэр бүхий 8-9 сэтгүүлчийг тагнаж, чагнасан гэсэн асуудал Хууль зүйн сайдтай холбогдож яригдаж эхэлсэн. Гэтэл энэ долоо хоногт болсон Сэтгүүл зүйн ёс зүйн форум дээр энэ асуудал дахин сөхөгдлөө. Энэ хэрэгт Хууль зүйн сайд Ц.Нямдорж холбогдсон ба тухайн үед няцаасан мэдэгдэл хийж байсан. Гэтэл энэ асуудлыг Х.Нямбаатар гишүүн дахин гаргаж ирлээ. Нэгэнт эргэлзээ үүссэн тохиолдолд хэвлэл мэдээллийнхэнд ил тод мэдээлэл өгөөд, эргэлзээг арилгах нь чухал. Одоо яагаад энэ асуудлыг ил болгож болохгүй гэж.

Мөн энэ асуудлын талаар Цагдаагийн байгууллагаас хариу мэдэгдэл гаргасан ба түүндээ “хэрвээ тагнуулж, чагнуулсан сэтгүүлч, редакц байгаа бол гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь нээлттэй” гэж бичсэн байгаа юм. Аль сэтгүүлч, хэнд, хэзээ тагнагдсанаа мэдэхгүй байж яаж гомдол гаргах вэ? Сэтгүүлчдийг олон нийтэд мэдээлэл хүргэх үндсэн чиг үүрэгт нь холбож тагнаж байгаа бол хэвлэлийн эрх чөлөөг хөндсөн асуудал. Хэвлэл бол мэдээллийг олж, түгээх замаар ардчиллыг ажиллуулдаг том хэрэгсэл.

3. Ц.Сандуй, А.Ганбаатар нарт 4 жилийн хорих ял оноолоо

Прокуророос “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн, 60 тэрбумын гэх хэргийн шүүх хурал энэ долоо хоногт боллоо. Гэтэл анхан шатны шүүх Ц.Сандуй, А.Ганбаатар нарт сонгуулийг будлиантуулсан гэдгээр зүйлчлэн 4 жилийн ял өглөө. Энэ шүүхийн шийдвэрийн хувьд 2 асуудал байна. Эхнийх нь, прокурорын ялласан зүйл ангийн хүрээнд л шүүх шийдвэр гаргана, хэрвээ тэр зүйл ангийг хангахгүй байгаа бол хэрэгсэхгүй л болгох ёстой байдаг шүү дээ. Удаах нь, хэрвээ хөнгөрүүлэх нөхцөл байдал байвал шүүх хөнгөрүүлж болно гэсэн байдаг. Гэхдээ тухайн зүйл анги дотроо хөнгөрүүлдэг. Гэтэл энэ тохиолдолд шал өөр зүйл анги руу оруулсныгаа хөнгөрүүлж байна гэж тайлбарлаад байна л даа. Прокурорын ялласан зүйл ангийн дагуу нотлох баримт, өмгөөлөл, яллагаа шүүхийн танхимд хийгдэж байхад шүүхээс шал өөр зүйл ангиар ял өгч байгаа нь шүүхийн ялласан зүйл ангийн дагуу ямар ч өмгөөлөл, яллагаа явагдаагүй гэсэн үг болж байна. Хэрвээ прокуророос сонгуулийг будлиантуулсан гэсэн зүйл ангиар яллаж шүүхэд шилжүүлсэн бол шүүхийн танхимд тэр зүйл ангийн дагуу яллах, өмгөөлөх процесс явагдана шүү дээ. Тэгэхээр будлиантай л болчихож байгаа юм л даа. Үүнийг эрүүгийн хууль зөрчсөн үйл явдал гэж үзэх үндэслэлтэй. Бид ардчилал, хууль ёсонд итгэх итгэлийг хууль ёсны дагуу процедурыг явуулж байж л хадгална шүү дээ. Хууль дээдлэх зарчмын (Rule of law) хүрээнд ямар ч байгууллага ажиллах ёстой.