1 сар 23, 2018

Д.Энхчимэг: Газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал

2018 оны Улаанбаатарын эдийн засгийн клубын эхний уулзалтаар Торгоны зам сангийн Үүсгэн байгуулагч, нефтийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн Д.Энхчимэг Газрын тосны салбарын өнөөгийн нөхцөл байдал сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Тэрээр уг салбарын гол бүтээгдэхүүн болох шатахуун, үүнтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Тэрээр шатахууны үнэд нөлөөлж буй гадаад, дотоод хүчин зүйлсийн талаар тодорхой тайлбарлаж тулгамдаад буй асуудлуудыг илтгэлдээ танилцууллаа. Үүнд гадаад зах зээл дээрх үнийн өсөлт, онцгой албан татвар болон долларын ханшийн өсөлт гол нөлөөтэй байна. Одоогийн байдлаар шатахуун түгээгч компаниуд алдагдалгүй ажиллахын тулд литр тутмын үнэ 300 орчим төгрөгөөр нэмэх шаардлагатай тулгараад байна. Төрөөс үнэ тогтворжуулдаггүй зах зээлийн зарчимаар явж ирсэн бол өнөөдөр шатахууны үнийн огцом өсөлт бий болох нөхцөл байдал бүрдэхгүй байсаныг хэллээ.

Уулзалтаар мөн дотоодын боловсруулах үйлдвэрийн тухай асуудлыг ч оролцигчдын зүгээс тодруулж тулгамддаг асуудлууд, дэд бүтцийн асуудлуудын талаар ярилцлаа. Дотоодын боловсруулах үйлдвэрийн тухай асуудалд тэрээр “Өнөөг хүртэл манайд нефть боловсруулах үйлдвэр баригдахгүй байгаа нь улс төрийн гэхээс илүүтэй эдийн засгийн хүчин зүйлсээс хамааралтай” гэдгийг хэлж байсан юм.

Мөн Үнийн Зөвлөлийн үйл ажиллагаа түүний шийдвэрүүд, зах зээл дээрх гадаад болон дотоодын компаниуд, зах зээл дээр эзлэх хувь хэмжээ, нефтийн чанар зэрэг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнөлөө.

2018.01.23

Улаанбаатарын эдийн засгийн клуб