10 сар 7, 2019

Жинхэнэ ЖДҮ-чид ялагдлаа

Сэдэв:

1. УИХ-ын намрын чуулганы нээлт

Өнгөрсөн Мягмар гарагт УИХ-ын намрын ээлжит чуулган эхэллээ. Намрын чуулганы гол хэлэлцдэг асуудал бол төсөв байдаг. Энэ удаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Сонгуулийн тухай хууль гэж орсон байна. Сонгууль явуулах бүрийнхээ өмнө л хуулийг нь өөрчилдөг болсон. Энэ нь төр засгийг барьж байгаа намууд өөрсдөдөө зориулж хууль гаргаж байгаа үйлдэл гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Сонгуулийн тухай хуулийн хувьд өмнө нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгуулиудыг гурван тусдаа хуулиар зохицуулдаг байсан. Харин өмнөх УИХ-ын бүрэлдэхүүн 2015 оны 12-р сард сонгуулийн хуулиудыг нэгтгэж “Сонгуулийн тухай хууль” болгож өөрчилсөн. Дараа нь одоогийн эрх баригч нам сонгуулийн хуулийг ингэж нэг хуулиар зохицуулах боломжгүй гэж үзсээр ирсэн. Улмаар энэ хуулийг буцааж гурван тусдаа хууль болгохоор 2017 оноос идэвхтэй ярьж хуулийн төслийг боловсруулах ажлууд эхэлсэн. Энэ удаад МУыг нэг сонгуулийн тойрогтой болгох гэсэн асуудлыг хэлэлцэх бололтой.

2. Итгэлийн зээл гэж юу вэ?

Өнгөрсөн Лхагва гарагт УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.ДамбаОчир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл” гэгч барьцаагүй, бага хүүтэй 20 сая хүртэлх төгрөгийн зээл олгох хуулийн төсөл санаачилж өргөн барилаа. Тэд улсын хэмжээнд нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 сая хүртэлх төгрөгийн зээл авсан бөгөөд давхардсан тоогоор 3 сая хүн энэ зээлийг авах боломж бүрдэнэ гэсэн. Мөн итгэлийн зээлийн эхний ээлжийн санхүүжилт 200-300 тэрбум төгрөг байх ба зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзлэж байгаа учир санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад сөрөг нөлөө үзүүлэхгүй гэв. Арилжааны банкуудаар олговол зээлийн хүү өсөх учир Төрийн банкаар дамжуулан олгоно гэж яригдаж байгаа юм байна. Санхүүжилтийн эх үүсвэрийг Төрийн тусгай сангууд, улсын төсвөөс гаргахаар тооцож байгаа гэж байна.

3. Жинхэнэ ЖДҮ-чид ялагдлаа

Өнгөрсөн долоо хоногт Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн сонгон шалгаруулалтад тэнцсэн ч журам нь өөрчлөгдсөний улмаас зээлээ авч чадаагүй иргэн, ААН-үүдийн гомдол гаргасан шүүх хурал боллоо. Хэргийг нэхэмжлэгчдийн өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар гомдол гаргагч 54 ААН дотор их хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг, их хурлын гишүүн Н.Оюундарь нарын компани байгаа. 2018 оны 2-р сарын 21-ний А29 тушаалаар манайд зээлийн эх үүсвэр байхгүй тул зээл өгч чадахгүй нь гэсэн тушаал гаргасан. Гэтэл хоёрхон сарын дараа 5-р сард А88 гэдэг тушаал гаргаж зээл өгсөн. 54 ААН-ээс зөвхөн Б.Батзориг, Н.Оюундарь хоёрын компанид л зээл олгосон байгаа. Яагаад бусад 52 ААН-ийг ялгаад байгаа юм бэ? гэсэн. Давж заалдах шатны шүүх хурлаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулсан нь хууль бус байсан гэж үзсэн. Гэтэл Дээд шүүх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болголоо. Энэ үйл явдлыг дээд шүүхийн шийдвэрт улс төрийн нөлөө орсон гэхээс илүү төрийн даалгавар байсан байх гэж харж байна.