12 сар 7, 2017

К.Марина: Шинэ тосгон хөдөлгөөнөөр хөдөө орон нутаг болон …

Улаанбаатарын эдийн засгийн клубын энэ оны 24 дэх удаагийн уулзалтаар Азийн Шинэ Тосгон Хөдөлгөөн ОУ-ын байгууллагын Дэд ерөнхийлөгч К.Марина “Шинэ Тосгон хөдөлгөөнөөр МУ-ын хөдөө орон нутаг буюу багуудыг болон УБ хотын хороодыг хөгжүүлэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.

Монгол дахь Шинэ Тосгон Холбоо үйл ажиллагааныхаа хүрээнд өнөөдрийг хүртэл 10,000 орчим хүнд хүрч ажилласан байна. Үүний дагуу тус холбооны тэргүүн Маринагийн зүгээс орон нутгийг хөгжүүлэхэд оршин суугчдын идэвхтэй оролцоо зайлшгүй шаардлагатайг дурьдав. Ихэнхдээ орон нутагт ахимаг насны оршин суугчид оролцоо өндөртэй байдаг ба орон нутаг дахь сайн дурын хөдөлгөөнийг нэмэгдүүлэхэд залуучуудын идэвхтэй оролцоо нэн чухал болохыг мөн тэмдэглэв.

Энэ удаагийн уулзалтад олон улсын байгууллагууд болон орон нутгийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан мэргэжилтнүүд оролцож санал бодлоо солилцлоо. Үүнтэй холбоотойгоор мэргэжилтнүүд ОУ-ын байгууллагууд, бизнесийн байгууллагууд, төр ба төрийн бус байгууллагуудын орон нутагт хэрэгжүүлж байсан төсөл, хөтөлбөрүүдийн бодитой хэрэгжилтийг хангахад тухайн оршин суугчид, баг, олон нийтийн бодитой оролцоог хангаснаар тогтвортой байдлаа хангана гэдгийг хэлж байсан юм.

Үүнээс гадна орон нутагт мэргэжлийн чадамж дутмаг байгааг болон төр-хувийн хэвшил-иргэний нийгмийн 3 талт уялдаа холбоо бүхий системтэй хамтын ажиллагаа ач холбогдолтойг онцолж ярилцлаа.

2017.12.07

УЛААНБААТАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ