Бидний тухай

Дефакто институт бол бие даасан, улс төрийн намаас хараат бус, ашгийн бус судалгааны төв юм. Бид улстөр, эдийн засгийн судалгаанууд хийх бөгөөд түүний дотор ардчилал, зах зээлийн эдийн засаг, хязгаарлалттай засаг, шинийг бүтээх (инноваци) чиглэлд төвлөрч ажилладаг.

 

Өнөөгийн нөхцөл байдал

Монголын эдийн засагт 2017 онд өсөлт гарахгүй нь гэж Дэлхийн банкны судлаачид таамаглаж байна. Өнгөрсөн онд 1 хувийн өсөлт л үзүүлсэн. Сүүлийн гурван жил эдийн засаг маань эрчимтэй уруудаж, өнөөдөр зээлээ ч төлж чадахгүй хэмжээнд хүрлээ. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засаг тун эгзэгтэй үе дээр байна. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны мэргэжилтнүүд энэ нөхцөл байдлыг төр засгийн тогтворгүй, хамгийн гол нь судалгаагүй бодлого, шийдвэртэй шууд холбоотой гэж дүгнэж байна. Жишээлбэл уул уурхайн салбарт “гэнэтийн ашгийн татвар” гэх мэт олон хуулиудыг батлаж, тун удалгүй цуцалсан. Тиймээс бид баримт, судалгаанд суурилсан шийдвэр гаргах орчин үеийн хандлагыг бий болгохын тулд энэхүү судалгааны төвийг ажиллуулах зайлшгүй шаардлага тулгарлаа.

 

Алсын хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эдийн засаг, улс төрийн судалгааны институт болох.

 

Эрхэм Зорилго

Мэргэжлийн өндөр түвшний, хараат бус судалгаагаар нөлөөлж хуулийн засаглалыг бэхжүүлэх, ардчилсан нийгмийн үнэт зүйлүүд болох нээлттэй, тайлагнадаг, хариуцлагатай засаглал бий болгох, зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэх юм.

 

Зорилтууд:

  • Эдийн засаг, улстөрийн өнөөгийн нөхцөлд байдалд дүн шинжилгээ хийх, хамгийн чухал асуудлуудыг сонгон авч судалгаа хийх, шийдэл олох;
  • Өнөөгийн бодлогын алдааг засаж, сайжруулахад нь бодлого боловсруулагчидад туслах;
  • Эдийн засаг, улстөрийн чухал асуудлуудаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэх;
  • Төр засгийг нээлттэй, тайлагнадаг болгож хариуцлагыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог дэмжих;

 

Үндсэн үйл ажиллагаа

Алсын хараа болон зорилтууддаа хүрэхийн тулд бид дараах үйл ажиллагааг явуулна.

 

Санхүүжилт

Бие даасан байдлыг хангах үүднээс бид байгууллага, хувь хүнээс тэнцвэртэй санхүүжилт авна.

  • Хувь хүмүүс, аж ахуй нэгжийн хандив;
  • Судалгааны төслийн тендерт оролцох;
  • Судалгааны тайлан, номын борлуулалт;

Гүйцэтгэх захирал

Дамбадаржаагийн Жаргалсайхан

Д.Жаргалсайхан нь эдийн засаг, улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл бичдэг ба ‘De Facto’ нэртэй ТВ-ийн ярилцлага хөтлөгч, ‘Дефакто Тойм’ нэртэй долоо хоногийн Монгол улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хамгийн чухал үйл явдалд дүгнэлт өгдөг нэвтрүүлэг хөтөлдөг, эдийн засагч, хараат бус нийтлэлч юм.

Д.Жаргалсайхан санхүүгийн зах зээлээр мэргэшсэн эдийн засагч мэргэжилтэй, арилжааны болон хөрөнгө оруулалтын банк, маркетинг, стратеги төлөвлөлт, өрсөлдөх чадвар болон хүний нөөцийн хөгжлийн талаар зөвлөгөө өгдөг байсан. Мөн дээрх салбаруудад ажиллаж ирсэн бөгөөд заримаас нь дурдвал:

  • ХасЛизинг компанийн Гүйцэтгэх Захирал
  • Капитал банкны Гүйцэтгэх захирал
  • МУ-ын Гадаадын Хөрөнгө Оруулалтын Газрын дарга
  • Жуулчин Компанийн Дэд захирал
  • Монгол Газрын тос компанийн эдийн засагч

Боловсрол:

  • Нийслэлийн 28-р дунд сургууль
  • Москвагийн Улсын Их Сургуулийн эдийн засгийн анги (1984)
  • Дэнвэрийн Их Сургуульд Даниелсийн Бизнесийн Сургууль Бизнес Удирдлагын Мастер \MBA\ АНУ штат Колорадо 2002

Ганбаатарын Жавзмаа

Ганбаатарын Жавзмаа нь ‘Дефакто Газет’ сонины ерөнхий редактор.  Сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Тайваньд Олон Улсын Бизнесийн Удирдлагаар мастерын зэрэг хамгаалсан. Өмнө нь ‘Монгол ТВ’-д мэдээний сэтгүүлчээр ажиллаж байсан. Одоо ‘Дефакто Газет’ сонины өдөр тутмын үйл ажиллагаа болоод сонины агуулга контентыг хянах, засварлан хэвлүүлэх гол үүргийг гүйцэтгэж байна.

Боловсрол:

  • МУИС-МХСС – Сэтгүүлч, утга зохиолын ажилтан 2009-2013 (Бакалаврын зэрэг)
  • Өмнөд Тайванийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль – Олон Улсын Бизнесийн удирдлага (Мастерын зэрэг)

Хамтран ажилладаг судлаачид (Partners)

Доктор Б.Эрдэнэдалай – СЭЗИС-ийн Багш

2008 онд Монгол Улсын Их Сургуулийг Улс төр судлаач, Нийгмийн ухааны багш мэргэжлээр, 2010 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төр судлалын Магистрын зэрэг, 2015 онд Монгол Улсын Их Сургуульд Улс төр судлалын Докторын зэргийг “Улс төрийн намын санхүүжилт: Олон улсын туршлага ба Монгол дахь тулгамдсан асуудал” сэдвээр хамгаалсан.

Эрдэм шинжилгээний өгүүлэл 32, илтгэл 48, судалгааны төсөлт ажил 11, сонин сэтгүүлд нийтлэл 8 бичсэн. 2008 оноос МУИС-д “Улс төр судлал”, 2010 оноос СЭЗИС-д “Улс төр судлал”, “Философи”, “Эрх зүйн философи”, “Социологи”, “Судалгааны арга, арга зүй”, “Нийгмийн хөгжлийн онол, бодлого” зэрэг хичээлүүдийн сургалтын хөтөлбөр боловсруулж бакалавр, магистрын суралцагчдад дээрх хичээлүүдийг орж байна.