Клубын тухай

“Улаанбаатарын эдийн засгийн клуб” 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо байгуулагдсан.

Клубын зорилго нь Монголын эдийн засагт нөлөөлөхүйц шийдвэр гаргах түвшний улс төрчид, нэр хүндтэй эдийн засагчид, топ бизнес эрхлэгчид хамтран Монголын эдийн засагт тулгараад байгаа бэрхшээлүүдийг хамтран тодорхойлж, түүнээс гарах арга зам, шийдлийг хамтдаа хайж, олон нийтэд зориулж зөвлөмж гаргах явдал юм.

Улаанбаатарын эдийн засгийн клубын үйл ажиллагаа нь бодит мэдээлэл, мэдлэг, туршлага дээр тулгуурлан Монгол улсын эдийн засагт тулгараад байгаа асуудлуудыг тодорхойлох, эдгээр асуудлуудын шийдлийг хамтран тодорхойлоход чиглэгдэнэ.

Улаанбаатарын эдийн засгийн клубын гишүүд нь Монголын Улсын эдийн засгийн салбарт чухал үүрэг гүйцэтгэгч төрийн болон бусад байгууллага компанийн удирдах ажилтан болон эдийн засгийн судлаачид байна.

 

Клубын сар бүрийн уулзалтаар харилцан мэдээлэл солилцон, цаг үеийн чухал асуудлуудыг авч хэлэлцэн тухайн асуудлаар зөвлөмж гарган олон нийтэд хүргэж байна.

Мөн Улаанбаатар эдийн засгийн клубын уулзалтуудаар хөрш орнуудын болон бусад хөгжилтэй орнуудаас туршлагатай эдийн засагч болон эдийн засгийн бодлого боловсруулагч нарыг урин дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн талаар ярилцана.

Клубын анхны уулзалтын зочноор Холбооны Бүгд Найрамдах Герман  Улсын (ХБНГУ) парламентын гишүүн, эдийн засгийн сайд асан Михаил Глос, ХБНГУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Герхард Тийдеманн нар  уригдан оролцож Герман улсын эдийн засгийн хөгжлийн талаарх туршлагаа хуваалцлаа. Ноён Глосын ярьснаар хөгжлийн тодорхой жор гэж байдаггүй бөгөөд тухайн нөхцөл байдалдаа хамтран ярилцаж шийдлээ тодорхойлох нь л хамгийн чухал аж.

Анхны уулзалтаар Монголын эдийн засгийн өнөөгийн байдал, бэрхшээлүүдийн талаар хэлэлцсэн бөгөөд дараах санал, зөвлөмжүүдийг гаргасан. Үүнд:

  • Төр эдийн засагт хэтэрхий их оролцож байгаа нь өнөөдрийн олон проблемийн эх үүсвэр гэж үзэж байгаа учраас төрийн оролцоог багасгах, үр ашиг муутай төрийн өмчийн компаниудыг хувьчлах шаардлагатай.
  • Төсвийн алдагдлыг багасгахын тулд татварыг нэмэх биш үргүй зардлыг багасгах, төрийн байгууллагын одоо хэрэгжүүлж буй зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшил рүү шилжүүлэх,
  • УИХ намрын чуулганаар Татварын багц хуулийг шинэчлэн батлахаар төлөвлөөд байгаа бөгөөд Сангийн яам хариуцан боловсруулаад байгаа юм. Энэ хуулийн төслийг Сангийн яам боловсруулах нь өөрөө логикийн зөрчилтэй. Учир нь Сангийн яамны үндсэн чиг үүргийн нэг нь татвар цуглуулах, төсөв бүрдүүлэх. Нэгэнт татвар цуглуулах чиг үүрэгтэй учир татварыг нэмэхийн төлөө ажиллах нь тодорхой гэж хэлж болно. Тиймээс энэ хуулийн төслийг сангийн яам биш судлаач, мэргэжилтнүүд боловсруулах нь зүйтэй.