11 сар 23, 2017

Улаанбаатарын эдийн засгийн клубын уулзалт #23

Улаанбаатарын эдийн засгийн клубын энэ оны 23 дахь удаагийн уулзалтаар Банкны тухай, Төв банкны тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар уг хуулийн төслийг боловсруулсан Монгол Банкны мэргэжилтнүүд танилцууллаа.

Төв Банкны мэргэжилтнүүдийн зүгээс Банкны хяналт, шалгалтын эрх зүйн орчныг сайжруулах, ОУ-ын сайн туршлага, зарчим, стандартад нийцүүлэх практик шаардлага болон ОУВС-ын ӨӨС хөтөлбөрт заасан мөнгө, санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх зэрэг бусад үндсэн хэрэгцээ, шаардлагуудын хүрээнд уг хуулийн төсөл хийгдэж байгааг тэмдэглэв.

Хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд шинээр тусгагдах нэр томьёонууд, банкны үйл ажиллагааны хязгаарлалт, зохистой засаглал, удирдлага, банкны хяналт шалгалт, албадлагын арга хэмжээ  зэрэг асуудлуудаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ.

Түүнчлэн оролцогсдын зүгээс криптовалютын тухайд Төв Банк ямар байр суурьтай байгаа талаар тодруулга авлаа. Монгол Банкны мэргэжилтнүүдийн зүгээс уг асуудал дээр ажлын хэсэг байгуулагдаж салбарын бодлогод хэрхэн нөлөөлөх зэрэг нарийн судалгаа хийж байгааг мэдэгдлээ.

 

2017.11.23

УЛААНБААТАРЫН ЭДИЙН ЗАСГИЙН КЛУБ