8 сар 15, 2018

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2018

Уг судалгаагаар Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт зэрэг дөрвөн гол үзүүлэлтээр үнэлэн индекс гаргахыг зорилоо. Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 28 улс төрийн намаас 6 нь энэ судалгаанд хамрагдсан болно. Улс төрийн намуудын дотоод ардчилалд тулгарч байгаа саад бэрхшээл, болон цаашид юунд түлхүү анхаарах ёстойг уг судалгаанд тусгалаа.

Залуу ардчилсан орны хувьд олон намын, ардчилсан парламентын тогтолцоогоо бэхжүүлэхэд улс төрийн намууд чухал үүрэг оролцоотой юм. Улс төрийн намууд нь зөвхөн парламентийг бүрдүүлэхээс гадна иргэд, олон нийтийн хүсэл зоригийг илэрхийлж, тэдний дуу хоолойг нэтгэн төлөөлдөг. Мөн нэр дэвшигчдийг татан элсүүлэх арга хэрэгсэл болдог зуучлагч инститүц билээ.

Төрийн түвшинд ардчилал нь нээлттэй, ил тод, хариуцлагатай байх гэсэн үндсэн зарчмууд дээр суурилдаг. Тэгвэл парламентийг бүрдүүлж буй улс төрийн нам гэдэг гол инститүцээсээ ч бид эдгээр зарчмуудаа нэхэж шаардах ёстой болно.

Энэхүү зорилгоор Дефакто Институт нь Азийн Сангийн дэмжлэгтэйгээр “Улс төрийн намын дотоод ардчиллын индекс”-ийг 2018 оны 2-5 саруудад хийж гүйцэтгэлээ. Индексийг боловсруулахын тулд Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгэлтэй 28 улс төрийн намаас асуулга авахаар шийдсэн юм. Гэвч олон намууд гишүүдийнхээ нэрс, утасны дугаарыг өгөхөөс татгалзсанаар 6 улс төрийн нам л уг индекст хамрагдлаа.

Ингээд уг индексийг оролцоо, өрсөлдөөн, ил тод байдал, санхүүжилт гэсэн 4 үндсэн хэмжигдхүүнээр шинжилж улс төрийн намуудын дотоод ардчилалын үнэлгээг гаргалаа. Үнэлгээний хувьд 0-100 хүртэлх оноо байх ба 61-100 оноотой бол ардчилсан, 30-60 оноотой бол хагас ардчилсан, 30-аас доош бол ардчилсан бус гэсэн ангилалд багтана.

Улс төрийн намын гишүүдийн оролцоо

Энэхүү хэмжигдхүүнээр улс төрийн нам доторх аливаа шийдвэр гаргалтанд гишүүд ямар нөлөөтэй оролцож, тэднийг хэр өргөнд хүрээнд хамруулж байгааг шинжиллээ. Нийт 20 хүртэлх оноог авах боломжтойгоос индекст хамрагдсан 6 нам дунджаар 10.25 оноог авлаа.

Улс төрийн нам доторх өрсөлдөөн

Индексийн дараагийн хэмжигдхүүн бол өрсөлдөөн юм. Энэ нь ерөнхийдөө сонгогчид саналаа өгөх хэд хэдэн хувилбартай байхыг хэлнэ. Үүний дагуу намын дотоод удирдлага, зохион байгуулалтын бүтцийн голлох албан тушаалуудад сонгууль явагдсан байдал, нэр дэвших боломж хэр нээлттэй байгааг шинжилсэн. Индекст нийт 24 оноог эзэлж байгаа энэхүү хэмжигдхүүнээс монголын улс төрийн 6 нам дунджаар 16.28 оноотой гарчээ.

Улс төрийн намын ил тод байдал

Намын үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлантай танилцах боломж гишүүдэд хэр байна вэ? Ил тод байдлын хүрээнд үйл ажиллагаагаа гишүүд, олон нийтэд хэр нээлттэй явуулж байгааг хэмжлээ. Энэ хэсэгт улс төрийн намын эгэх хариуцлага, төлөөлөл гэсэн шалгуур үзүүлэлтүүд ч багтсан. Нийт 24 оноо бүхий хэмжүүрээс улс төрийн намууд дунджаар 9.26 оноог авсан байна.

Улс төрийн намын санхүүжилт

Улс төрийн намын дотоод ардчилалтай уялдаа холбоо бүхий чухал хүчин зүйлүүдийн нэг бол санхүүжилт юм. Улс төрийн намын санхүүжилтийн эх үүсвэр нь намын үйл ажиллагаа, дотоод ардчилалд шууд нөлөөлдөг. Энэхүү индекст санхүүжилт гэсэн хэмжигдхүүн нь хамгийн их буюу 32 оноог эзэлнэ. Үүнээс судалгаанд хамрагдсан 6 улс төрийн нам дунджаар 10.78 оноотой байна.

Дээрх хэмжигдхүүнүүдийн нийлбэр оноогоор судалгаанд оролцсон 6 улс төрийн нам дунджаар 49.9 оноо авсан байна. Тухайн улс төрийн нам дотор ардчилал бүрэн хэмжээнд төлөвшсөн байна гэж үзэж болох 100 онооноос монголын улс төрийн намууд 50 орчим оноог л авсан байгаа нь хагас ардчилсан гэсэн ангилалд багтаж байгаа юм.

Экспертийн ярилцлага

Улс төрийн намын дотоод ардчиллын өнөөгийн нөхцөл байдлыг учир шалтгаан талаас нь тайлах зорилгоор нийт 10 эксперттэй ярилцлаа. Ихэнх экспертүүд улс төрийн намын шийдвэр гаргах үйл явц дээрээсээ доош чиглэсэн байна гэдэг дээр санал нэгдэв. Үүнийг экспертүүд хэлбэр төдий ардчилал буюу зөвхөн нийт төлөөллөө аливаа шийдвэрийг ердөө баталгаажуулахад л оролцуулдаг гэж дүгнэж байна.

УЛС ТӨРИЙН НАМЫН ДОТООД АРДЧИЛЛЫН ИНДЕКС 2018