9 сар 5, 2019

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019

Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллыг бий болгох, гишүүд сонгогчдын саналыг сонсон хүлээн авдаг, үйл ажиллагаа, санхүүжилт ил тод нээлттэй намыг бий болгох зорилгоор Дефакто Институт “Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс”-ийг 2018 оноос эхлэн гаргасан. Энэхүү судалгаа нь Монголын улс төрийн намуудтай холбоотойгоор гарч буй асуудлуудыг нээлттэй, ил тод байдлаар шийддэг, хариуцлагатай улс төрийн намуудыг бий болгоход хувь нэмэр оруулах зорилготой юм. 2018 онд тус судалгааг анх удаа тоон судалгааны аргачлалыг ашиглан нийт 6 намыг хамруулан гүйцэтгэж байв.

Харин энэ удаа судалгааны арга зүй, аргачлалыг улам боловсронгуй болгон чанарын судалгааны аргачлалаар 2019 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын хооронд 2 дахь удаагаа хийж гүйцэтгэлээ. Өмнөх онтой харьцуулахад судалгаанд хамрагдсан намуудын тоо нэмэгдэж нийт 8 улс төрийн намыг 2019 оны индекст хамруулаад байна. Судалгааны баг 2019 оны 5 дугаар сарын байдлаар Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй нийт 32 улс төрийн намыг хамруулан судлахаар зорьсон боловч дараах намууд энэ оны судалгаанд оролцлоо.

  • Монгол Ардын Нам (МАН),
  • Ардчилсан Нам (АН),
  • Монгол Ардын Хувьсгалт Нам (МАХН),
  • Хөдөлмөрийн Үндэсний Нам (ХҮН),
  • Эх Орон Нам (ЭОН),
  • Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН),
  • Монголын Ногоон Нам (МНН),
  • Үнэн ба Зөв Нам (ҮЗН)

Судалгаа нь оролцоо, өрсөлдөөн, төлөөлөл, санхүүжилт ба ил тод байдал гэсэн 4 үндсэн хэмжигдэхүүний дагуу намуудыг 0-100 хүртэлх оноогоор үнэлж 0-30 хүртэлх оноотой бол “ардчилалгүй”, 31-60 хүртэлх оноотой бол “хагас ардчилсан”, 61-100 хүртэлх оноотой бол “ардчилсан” гэсэн ангилалд хуваадаг. Улс төрийн намын дотоод ардчиллын индексийн 2018 оны дүнгээр судалгаанд оролцсон 6 нам “хагас ардчилсан” ангилалд багтаж байсан бол энэ оны үр дүнгээр МНН, МАХН, АН, ХҮН зэрэг намууд “ардчилсан” ангилалд дэвшин орж ирлээ.

2019 оны судалгаагаар улс төрийн намын гишүүдтэй фокус бүлгийн ярилцлага хийсэн ба энэ оны хувьд улс төрийн намууд өмнөх жилийн үр дүнгээс харьцангуй өндөр оноо авлаа. 2019 оны УИХ-ын 42-р тойргийн нөхөн сонгуультай холбоотойгоор нийт намууд сонгуулийн үйл ажиллагаанд бэлтгэх, нэр дэвшигчдээ тодруулах зорилгоор намын бүхий л түвшинд гишүүдийн оролцоо идэвхжсэн байна. Түүнчлэн 2019 он УИХ-ын ээлжит сонгуулийн өмнөх жил гэдгээрээ онцлогтой байв. Энэ утгаараа намууд их хурал, бага хурлаа зохион байгуулах ажлууд эхэлсэн нь индексийн үзүүлэлтүүдэд голчлон нөлөөлөв.

Хүснэгт: Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019

Улс төрийн нам Индекс Ангилал
1 Монголын Ногоон Нам 66 Ардчилсан
2 Монгол Ардын Хувьсгалт Нам 66 Ардчилсан
3 Ардчилсан Нам 65 Ардчилсан
4 Хөдөлмөрийн Үндэсний Нам 63 Ардчилсан
5 Монгол Ардын Нам 55 Хагас ардчилсан
6 Эх Орон Нам 47 Хагас ардчилсан
7 Үнэн ба Зөв Нам 42 Хагас ардчилсан
8 Иргэний Зориг Ногоон Нам 32 Хагас ардчилсан

 

Улс төрийн нам нь үйл ажиллагаагаа нийтэд нээлттэй, ил тод явуулах үүрэгтэй олон нийтийн байгууллага юм. Гэвч улс төрийн намуудын дотоод нөөц бололцоо харилцан адилгүй, дийлэнх улс төрийн намууд албан ёсны цахим хуудасгүйн улмаас олон нийт намуудын албан ёсны дүрэм, үйл ажиллагаатай танилцах боломж хязгаарлагдмал байна. Судалгааны явцад намуудын дүрмийг судлахын тулд Улсын Дээд Шүүхэд намуудын дүрмийг хуулбараар авахаар хандсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу хуулийн этгээдийн дэлгэрэнгүй мэдээллийг авахын тулд тухайн этгээд өөрөө бичгээр зөвшөөрсөн байх шаардлагатай гэснээр татгалзсан юм.

Зураг: Монголын улс төрийн намуудын дотоод ардчиллын индекс 2019, хэмжигдэхүүн тус
бүрээр