Хандив

Эрхэм хүндэт танаа,

Монгол улсын нийтийн засаглалыг ил тод, тайлагнадаг болгож, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Д.Жаргалсайхан миний бие 2009 оноос хойш  долоо хоног бүр эдийн засаг, улс төр, нийгмийн амьдралын хамгийн тулгамдсан асуудлаар нийтлэл бичиж, ярилцлага хийж, радиогоор ярьж ирсэнийг Та мэдэж байгаа.

Миний өчүүхэн хичээл зүтгэл нийт иргэдийн хараат бус, дуу хоолой болж байгаа гэдэгт гүнээ итгэдэг. Гэвч сүүлийн үед эрх баригчид  энэхүү ажлыг маань тасалдуулахыг янз бүрээр оролдох боллоо. Тухайлбал, миний буланг найман жил гаргасан Өнөөдөр, UB Post сонинууд хэвлэхээ саяхнаас татгалзав. Улаанбаатар хотын авлигын тухай бичсэн нийтлэлийг маань Өдрийн сонин ч бас  хэвлэсэнгүй. Харин бүр 2017 оны 04 дүгээр сарын 25-ны дугаартаа Өдрийн сонин “Сэтгүүлзүйд жороолж сурахаар орж ирж байгаа хөгшин азаргануудын анхааралд” гэсэн бүтэн нүүр нийтлэлээр намайг доромжилж мохоохыг оролдлоо. МҮОНРТ ч бас миний ярилцлагыг 2016 оны 2-р сард л улс төрийн шалтгаанаар зогсоосон юм.

Монголчууд бид арай гэж олж авсан үг хэлэх эрх чөлөөгөө тийм амархан алдах ёсгүй. Ардчилал, эрх чөлөө, хүний эрх, үг хэлэх ба амьдрах газраа сонгох эрх гэдэг бол та бидний хамгийн үнэт зүйлүүд. Эдгээрийг алдах л юм бол, бид бүхнийг алдана.

Тийм учраас би өдий хүртэл хийж ирсэн ажлаа бүр тасралтгүй ажилладаг байгууллага болгох, илүү олон хүнд, илүү нарийн судалгаа, дүгнэлттэй хүргэхийг зорьж байна. Үүний тулд, ардчилал хөгжсөн орнуудын жишгээр улс төрөөс хараат бус, ашгийн бус, судалгааны мэргэжлийн байгааллага “Дефакто институт сан”-г (регистрийн дугаар: 8241252)  үүсгэн байгууллаа.

Дефакто Институт нь Монгол улсад хуулийн засаглалыг бэхжүүлэх, төр засгийг нээлттэй, тайлагнадаг, хариуцлагатай болгох, зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна. Эхний ээлжинд бид улсын төсөв, улс төрийн намуудын бодлого, санхүүжилтэд хяналт тавьж, үнэлгээ, дүгнэлт өгөхийг зорьж байна.

Монгол улсын эдийн засаг, засаглал, улс төрийн хямралын суурь шалтгаан бол удс төрийн байгууллууд бэхжээгүй, урт хугацааны ирээдүйг харсан судалгаа, тооцоо байхгүйтэй шууд холбоотой. Тийм учраас Монголд олон төрөлжсөн судалгааны институт буюу “тинк танк”-уудыг бий болгох шаардлагатай байгаа юм. Тэгээд ч хууль батлахаас өмнө нь заавал судалгаатай байхыг шаардсан “Хууль тогтоомжийн тухай” хууль энэ оноос үйлчилж байгаа билээ. Тэр хууль одоогоор хангалттай хэрэгжиж чадахгүй байгаа ч,  цаашид судалгаагүйгээр хууль гарахгүй болно.

Монгол улсын иргэд бид эрх чөлөөгөө алдах эсэх, ер нь ирээдүй маань ямар байх нь танаас, надаас, бид бүхнээс хамаарна.

Таныг манай хараат бус судалгааны институтийг дэмжиж, хандив өгөхийг хичээнгүйлэн хүсч  байна. Бид үйл ажиллагаагаа олон нийтэд ил тод, нээлттэй явуулах болно. Та хавсралтын дагуу, бидний үйл ажиллагаанд туслан манай институтийн гишүүн болоорой.

Талархан хүндэтгэсэн,

Д.ЖАРГАЛСАЙХАН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ